Thursday, January 3, 2013

ҮНДСЭН ХУУЛИАР БИДЭНД ОЛГОГДСОН ЭРХ БУЮУ БУРУУ ЭДЭЛСЭН ЭРХ

Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал,
бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож,
нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль 2-р бүлэг, 19-р зүйлийн 3.

Эрх чөлөө, хүний эрх – энэ үгс юутай нандин, юутай эрхэм бэ. Махан биеийг олж төрчихөөд торонд хоригдсон шувуухай мэт эрх чөлөөгүй байвал аз жаргалгүй болно. Тиймээс хүн бүр өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцдэг.
Бодолд орсон үгээ хэлж чадахгүй, босго давсан ч баганаас цааш алхаж түвдэхгүй, харсан ч хараагүй мэт, дуулсан ч дуулаагүй мэт, гар нь хүлээсгүй мөртлөө гяндангийн хоригдол мэт байсан цагийг бид мэднэ, бид сонссон, бид уншсан. Тэр л үед алтан хараацайн дуу тэнгэрийн заадаст түгэж чимээгүй дарлалаас биднийг аварсан гэж “туульст” гардаг. Хараацай бидэнд амандаа зуусан өчүүхэн эрдэнээ үлдээсэн нь 1924, 1940, 1960 оны “дүү” 1992 хэмээх шинэхэн хэрнээ агуу “Үндсэн хууль” байлаа.
Монгол Улсын Үндсэн Хууль 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгосон юм.
“Эрх чөлөө - тэнгэрийн үнэртэй энэ зүйлийг өмнө нь бараг эдэлдэггүй” байлаа гэж ярихыг бишгүйдээ сонссон 87 оны Би бодит байдлыг мэдэхгүй, зөвхөн сонссон. Харин ардчиллын салхи ирэхээс өмнө эдлэгдээгүй хэрнээ хэтрээгүй эрх чөлөөг би кинон дээрээс, номон дээрээс “харсан”.
Бид одоо хараацайнууд хоолойгоо сөөтөл орилж байж бидэнд олгосон “эрх чөлөөг” хэтрүүлээгүй гэж хэл дээ. Үгүй ээ. Бид хэтрүүлэн эдэлж байна.
Задгай амьдрал бүр “миний эрх” гэж байна. Давс нь ихдээд шорвогдсон үг бүр “бид чөлөөтэй” гэцгээж байна. Хэтэвч нь задарсан хүмүүс ч бас “хуулиар” хамгаалагдсан эрхтэй.
“Эрхийг минь зөрччихлөө”, “Би эрхээ эдэлж чадахгүй байна”, “Хуулиар олгогдсон эрхээ эдэлье” гэнэ үү. Үнэндээ та өөрөө эрхээ хэтрүүлэн эдлээгүй гэж үү?
Германы философч Гегель хэлэхдээ “Эрх чөлөөнд хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэн үгүй. Нийгэмд нэг эрх чөлөөг нөгөө хуулиар хязгаарлаж байж үнэ цэнтэй эрх чөлөөг бий болгоно” гэжээ.
Бид амьд явж байна. Эрүүл аюулгүй орчин биднээс өөрсдөөс хамаарна. Засгийн газар бидэнд газар үнэгүй өгч байна. Чадвартай л бол ажил зөндөөөөөөө байна. Өндөр наслах, хүүхэд төрүүлэх нь бидний л асуудал. Хүссэн үгээ дураараа чалчиж байна. Сонгуульд саналаа өгөөч ээ гээд биднийг сөгдөн гуйж байна. Ямар ч нам эвсэл хошуу тосон угтаж байна. Өргөдөл, гомдлоо бичиж байна. Хулгайч дээрэмчнээс өөр бидэнд халдах зүйл алга.
Задгайрал. Эрх чөлөөгөө эдэлж байгаа биеэ үнэлэгч охид, эрх чөлөөгөө эдэлж байгаа тэднийг зуучлагч болон худалдан авагчид. Биеэ үнэлэх өнөөгийн хандлага: 1997 онд Цагдаагийн газраас УБ хотод 1000 биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг байцаасан нь хамгийн анхны судалгаа болж байна. 2000 онд Цагдаагийн газраас УБ-т биеэ үнэлэгч 80 охиныг, 2002 онд зөвхөн УБ-ын биеэ үнэлэгч 200-250 орчим охиныг байцаасан байна. Биеэ үнэлж үзсэн буюу биеэ үнэлдэг байж болзошгүй 66 охиныг хамруулсан, биеэ үнэлэх асуудлын тухай шууд асуулт тавьж хариулт авсан судалгаа: Дээрхи охидуудын 36.1% нь гудамжинд, 32.0.% нь траншейнд, 20.6% нь орон сууцны хавиар, 16.0% нь гэртээ 13.9% нь халамжийн төвд, 12.0% нь бусдын гэрт амьдардаг байна. Анх удаа бэлгийн харьцаанд орохдоо, 45.5% нь найз хөвгүүнийх нь хүсэлт болон бусдын шахалт, 36.4% нь хүчиндүүлсэн, 18.2% нь гудамжны амьдралдаа эргэн орсон, 16.4% нь мөнгө олох гэсэн тус тусын шалтгааны улмаас болсон гэж хариулжээ. Мөн биеэ үнэлж байгаагийн шалтгаан нь “дуртайдаа” гэж 25% нь хариулсан аж. Энэхүү асуудал нь хүн худалдах наймааны ул суурь болж өгдөг байна.
Архидалт. Замбараагүй архидалт, замбараагүй архины үйлдвэрүүд, замбараагүй хямд үнэ. Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая гэж бодохоор арай дэндүү тоо юм. Судалгаагаар Монгол Улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4, 2011 онд 55.2 хувь болж тус тус нэмэгджээ. Манай улсын насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна. Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна.
Мансууруулах бодис. Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээ. Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7,5 хувь байсан бол 2008 онд 14,7 хувь, болтлоо өссөн байх юм. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж.
Үгний эрх чөлөө. 2009 оны эхээр Монголд 68 телевиз үйл ажиллагаа явуулсан статистик бий. Үүний 6 нь үндэсний хэмжээнд, 9 нь Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн сувгаар цацагддаг. Өргөн нэвтрүүлгийн нэг телевиз 7 хоногт дунджаар 125 цаг (7500 минут) -ийн нэвтрүүлэг цацдаг. Үүний 20 хувийг мэдээллийн хөтөлбөр эзэлж байна. Үндэсний хэмжээнд цацагддаг TB9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр дэх “Но[ц]той мэдээ” булан, “Ардын мэдээ”, MN25 телевизийн “Rock news”, ТВ5 телевизийн “Yellow news”, Улаанбаатарт нэвтрүүлгээ цацдаг ТВ8 телевизийн “Толь мэдээллийн хөтөлбөр” дэх “Цоохор мэдээ”-р шар мэдээ тогтмол гардаг бол С1 телевизийн “Өдөн дэр“ шөнийн хөтөлбөр, ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн сонин уншлагын цагаар ийм төрлийн мэдээг хааяа цацдаг. Хүмүүс, Сэрүүлэг, Монголчуудын амьдрал, Ноцтой мэдээ зэрэг шар сонин болон www.factnews.mn мэдээллийн сайтаас телевизүүд ишлэл авдаг. Шар өнгө аяс агуулсан мэдээ нь ихэвчлэн оройн 20:00-23:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр гардаг бөгөөд телевиз үзэгчдийн 50 хувьд хүрдэг хамгийн хүртээмжтэй цаг юм. Монголчуудын 90 гаруй хувь нь телевиз үзэж, 70 гаруй хувь нь дотоодын мэдээ, мэдээллийг телевизээс авдаг нь “шар” мэдээ хэр олон хүнд хүрч буйг харуулж байна.
\Статистик мэдээг Интернет эх сурвалжаас авав.\
Бид эрхээ ингэж эдэлж байж үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
Үндсэн хуулиа сахин биелүүлж байна уу?
Хүний нэр төрийг хүндэтгэж байна уу?
Албан татвараа хэр олон хүн үнэнч төлж байна вэ?
Хэдэн хүн цэргийн албанд мордож байна?
Монгол Улсын иргэн хүний хувьд бид Үндсэн хуулиараа бүлэг зүйл болон бичигдсэн эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй. Аливаа зүйл хэтрэхээрээ буруутдаг бус уу. Энэ миний эрх гэж том дуугаралгүй, эрхээ зөрчигдсөн үед дуугай суулгүй Эрх, Эрх чөлөөгөө хуулийн хэмжээнд тааруулан эдлэх хэрэгтэй.
          Монголын хууль 3 хоногтоо гэдэг гэлүү. Энэ чинь танаас, чамаас, надаас, биднээс хамаарна.
Хуулиа дээдэлж, эрхээ зөв эдэлцгээе.

No comments:

Post a Comment