MN2 телевизийн гэрэл зургийн “Тэр л агшин” нэвтрүүлэг төрсөн түүх
“Агшин хормыг аргамжиж барина гэдэг
Ай даа юутай их хувь тавилан бэ”
Д.Батбаяр
Тэр л агшин
гэхээр танд яг юу бодогдож байна вэ?
Эхээсээ төрөөд
нүдээ нээх, тэнтэр тунтар алхаад инээх, томдсон сурагчийн цүнхээ дааж ядан
зогсох, хонхны баярын нулимс унагаах, хуримын цагаан даашинзаа намируулан алхах
амьдралын хамгийн хамгийн алтан, мөнгөн хормыг “Тэр л агшин” гэж нэрлэдэг. Уулын
толгойноо наран тусах, үүлэн завсраар одод гялалзах, цасан дороос яргуй цухуйх,
хүрхрээн дунд солонго татах, шүүдрийн дусал мөнгөрөн гялтганах үзэсгэлэнт
мөчийг “Тэр л агшин” гэж нэрлэдэг. Индэрийн тавцнаа ардын цойлох, танкны мөр
газарт үлдэх, буун сумны сорви чимчигнэх, энхийн далбаа тэнгэрт мандах, ялалтын
салют буудах үеийг “Тэр л агшин” гэж нэрлэдэг.
Хүний амьдралын
хамгийн нандин мөч бүхэн ой тойнд нь арилахааргүйгээр тод үлддэг ч цаг
хугацааны урсгалд бүдгэрч, олон олон дурсамж өөр дурсамжууддаа дарагдан
балартдаг. Мөн байгалийн ховор үзэгдэл, нийгмийн чухал үйл явдал, хүний сэтгэл
хөдлөл хэзээ ч давтагдашгүй цор ганц. Энэ бүхнийг олж харан гэрэл зургийн
хальснаа буулган мөнхөлдөг хүн бол ГЭРЭЛ ЗУРАГЧИН билээ.
Гэрэл зурагчныг
уран бүтээлч гэхээсээ илүүтэй үйлчилгээний ажилтан гэж үздэг байсан цаг саяхан.
Харин одоо хүн бүр өөрийн гэсэн аяга халбагатай байдаг шигээ зургийн аппараттай
болжээ. Харах өнцөг өөр, тавилт, зохиомж ондоо ч товч дараад зураг бэлэн
болчихно. Бидний ярьдгаар “том хар” аппаратгүй ч гар утасныхаа камераар
хэрэгцээгээ хангаад болоод байгаа болохоор хүн бүр өөрөө өөртөө зурагчин. Гэхдээ
энэ олон зурагчин дунд “мэргэжлийн” гэх хэдэн нөхөд байдаг бөгөөд амь амьдрал, бүхий
л зүйлсээ л гэрэл зурагт зориулжээ. Тиймээс энэ хүмүүсийн алдар гавьяаг, ховор
нандин бүтээлийг нь таниулах шаардлага гарч ирсэн юм.
Гэрэл зураг, мэдээллийн "Тэр л агшин" нэвтрүүлэг ийнхүү мэндэлжээ.
No comments:
Post a Comment