Monday, January 7, 2013

ЖАРГАЛ ДААДАГГҮЙ ХҮН

   Би бол аз жаргалд умбасан нэгэн. Өглөө босоход ээж маань хоол бэлдээд тавьчихсан, аав гутал тослоод сууж байна. Цайгаа ууж дуусахад эмэгтэй дүү маань аяга угааж, эрэгтэй дүү маань намайг ажил руу хүргэж өгөхөөр гарна. Өвлийн хүйтэн тачигнасан өдөр дүү маань 20 минут машинаа халааж, би пүн хийсэн дулаан машинаар тухтай гэгч нь ажлынхаа үүдэн дээр бууна. Ээж өдрийн хоол бэлдээд цүнхэнд хийчихсэн, аав дулаахан эсгий улавч гутланд дэвсчихсэн, ах утасны мөнгө төлчихсөн, эмээ надад хөдөөнөөс дуртай ширгээмлийг минь илгээчихсэн. Орой эрэгтэй дүү намайг ирж авахад, эмэгтэй дүү оройн хоолоо аль хэдийнээ хийгээд, гэрээ цэвэрлэчихсэн байна. Ар тал руугаа санаа зовох ямар ч зүйлгүй, дэндүү аз жаргалтай байгаа биз. Ямар ч хүнд хэцүү үед намайг түшээд авах ах дүүс, сайхан ар гэртэй хүн, би.
   Ийнхүү нүүр дүүрэн инээмсэглэсээр ажлын үүдээ татна. Харуулаасаа эхлээд бүгд л надтай найрсаг мэндэлнэ. Өрөөнийхөө үүдийг нээгээд хамгийн түрүүнд ирчихсэн байдаг буурал ахтайгаа мэндэлж, сэтгэл хангалуун ширээнийхээ ард суугаад ажлын өдрөө эхэлнэ. Манай дарга нар бүгдээрээ надад итгэдэг болохоор тэдний даалгасан ажлыг хариуцлага алдахгүйгээр биелүүлэхийг би хичээдэг. Хамт олон минь намайг хүндэлдэг, тэднийхээ итгэлийг дааж явдагтаа би баярладаг. Гэрээсээ авчирсан амттан бүхнээ надтай хуваалцдаг, амьдралын нууц бүхнээ надтай л зөвлөлдөнө. Ажил дээр ямар ч асуудал гарахад намайг хамгаалах нөхөд, өмгөөлөх дарга нартай хүн, би.
   Тийм ээ, би үнэхээр аз жаргалтай хүн. Өглөө ажлаасаа өмнө хамгийн түрүүнд олон нийтийн сайтын хаяг, интернет шуудангаа шалгаж дэлхийн өнцөг булан бүрт суугаа найз нартайгаа мэндэлдэгсэн. Үлгэрт улс бүрт гэртэй, гэр бүртээ эхнэртэй гэдэг шиг дэлхийн бүх улсад, Монголын бүх аймагт би үнэнч найзтай хүн. Хэнийд нь ч очсон эр нөхөр нь холын аянаас ирж байгаа юм шиг асардаг найзуудтай. Надад тулгарсан асуудал бүрийг минь шийдэлцэж өгөөд цаад наад учрыг хамтдаа тунгаалцдаг багын найзууд, оюутны амьдралын хэцүү бүхнийг хамтдаа туулсан андууд, олон нийтийн ажилд мөр зэрэгцэн зүтгэсэн журмын нөхөд гээд ямар нэгэн баяр болоход би биеэ 10 хуваан очдог олон үнэнч найзуудтай хүн, би.
   Гэхдээ, би бас жаргал даадаггүй хүн. Хэтэрхий их жаргалдаа умбаад зарим нэгнээс зугатаахаар төлөвлөж яваа нэгэн. Зүгээр л нэг гэрээ бариад амьдрахсан гэдэг шиг хөдөө явж амьдармаар хааяа санагддаг, эсвэл бүр Энэтхэг, Ирак за Замбия явсан ч яадаг юм бэ. Сүүний үнэр анхилсан нутагт Сүмбэр уулын энгэрт Улаанбаатартай соёлоороо зэрэгцэх уулын тосгон барьж байгуулахсан. Яг л Чимэд багш шиг ажиллах юмсан. Социализмын үед төрөх минь яав даа. Төлөвлөгөөгөө 130% биелүүлсэн гээд улаан таван хошуу энгэртээ зүүгээд гахай авсан нөхдүүдийг хялав хийгээд явж байх байсан юм. Улаан загалмайн ажилтан болоод өлссөн ундаассан, өвдсөн хавдсан, шархадсан зовсон ард иргэд, цэргүүдэд тусламжийн бараа тараагаад халуунд халж, хүйтэнд хөрөхсөн. Иракийн цэргүүдийг асарч, Энэтхэгт хүүхдүүдэд хоол тарааж цагаан халатаа халтартуулан, шөнийн бор хоногтоо гутлаа дэрлэн дуг хийхсэн. Тэр хэдхэн хором одоо байгаа жаргалаас минь хэр амттай байх бол?
   Тийм ээ, би аз жаргалаас зугатаах гэж байгаа хүн. Залуу хүний ааг омог зүрхэнд минь буцалж, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй байгаа гал халуун 25 насандаа би хүссэн бүхнээ хийж, амсах ёстой бүх л зүйлээ амсч, бүдрэхдээ уйлж, босохдоо инээхгүй юм бол хэзээ хийх юм бэ? Нүүрэнд үрчлээ үүсч эхлэх 30 нас, нүдний гал буурах 40 нас, үсэнд сор буух 50 нас, үүрээр нойр хулждаг болох 60 насаа хүлээх үү?
                  Одоо л биш бол хэзээ ч биш
                  Би л биш бол хэн ч биш.
   Өөрийнхөө хүслээр явж чадахгүй юм бол, шийдвэрээ баттай гаргаж чадахгүй юм бол, хүссэнээ авч чадахгүй юм бол би өөрийгөө залуу хүн гэж хэлээд яахав. Орчлонд хүн биеийг олж төрснийхөө хэргийг гаргахын тулд зүгээр л бяцхан зориглох хэрэгтэй байдаг юм.
   Өөр хэн нэгний хүсээд ч ирдэггүй аз жаргалын “хүлээсээ” тас татаад өөр хэний ч хүсдэггүй тэр л зүйл рүү тэмүүлж байгаа би жаргал даадаггүй хүн.

No comments:

Post a Comment