photo by Batmagnai
Эх орноосоо олон
бээрийн тэртээ амьдран суугаа элэг нэгт ахан дүүс Та нарынхаа амрыг эрэн, мөнх
хөх тэнгэрт Монгол орноос нь мэндчилж байна.
Эзэн Чингисийн
удамт монголчууд бид өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нүүдэлчин соёлт ард түмэн тул
дөрвөн зүг, найман зовхистоо таван тивийн улсад тархан суурьшжээ. Өндөр
хөгжилтэй орнуудын соёл иргэншлийг танин мэдэж, өөрийн гэсэн ертөнцөө бүтээн
байгуулж, эх орныхоо нэрийг мандуулж яваа Та нараараа эх орон минь үргэлж
бахархаж байдаг билээ.
Энэхүү захидлыг
бичиглэн суугаа миний бие гадаад улсад 5 жил суралцаж, 4 тивийн 5 том гүрний 30
гаруй хотоор аялж, элэг нэгт ахан дүүстэйгээ танилцан зовлон жаргалаа хуучлан,
аж амьдралтай нь танилцсан юм. Монголчууд бид үргэлж сайн сайхан руу тэмүүлж
байдаг зорилготой, эрмэлзэлтэй, тэвчээр хатуужилтай ард түмэн гэдгээрээ дэлхийд
танигдсан.
Тиймээс ч ар гэр, үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө усны шувууд шиг олон
уул, усыг гатлан ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсрохоор оддог. Гэхдээ хилийн
дээс алхахдаа гашуун нулимсаа унаган нуураа 3 тойрдог шувууд адил хайртай дотны
хүмүүс рүүгээ эргэн эргэн хоргоддог оо.
Намайг 19-хөн
насандаа хүний нутгийг зорин одоход галт тэрэгний буудал дээр гэр бүлийнхэн,
найз нөхөд маань ерөөлийн үгээрээ үдэж, доголон нулимстай би гараа даллан
явсансан. 5 жил гэдэг бага хугацаа биш. Эх орноо санахын шаналан, эцэг эхээ
үгүйлэхийн гансралыг мэдэрч, хичээл ном, хар ажилд нухлуулж байх үед нутагтаа
болж буй баяр баясгалан, гуниг зовлон бүрийг хуваалцаж чадаагүйдээ бүр зовж
байлаа.
Эрдэм ном,
чанартай боловсролын төлөө сургуульд сурч, ар гэрээ тэжээхийн төлөө ажил хийж
яваа ахан дүүстээ нэг л үгийг захимаар санагддаг юм.
“Цаг нь болохоор эх орондоо эргэж ирээрэй”
Дэлхийн хамгийн олон хүн очихыг мөрөөддөг улсад та
амьдардаг ч хөдөө талын дураараа амьдралаа барилгын шал шүүрдэх ажлаар сольсон.
Таны амьдардаг хотод долоон гайхамшгийн нэг нь
цогцолдог ч та өөрөө буудлын өрөө цэвэрлэдэг, хүний шавхай угаадаг.
Өвөө, эмээгээ өргөж тэтгээгүй байж харийн
хөгшчүүдийн памперсийг сольдог.
Гуалиг сайхан биеэ гаргуунд нь гаргаж ичимхий
зангаа уландаа гишгэж болох болохгүй үйлдлийг хийдэг.
Өдөржин ажилласан мөнгөөрөө 5-хан минутын мансуурлыг
худалдан авч, эрүүл мэндээ үүрд алддаг.
Та дээд боловсролтой, мэргэжил дээшлүүлэхээр
гадаад явсан ч амьдралын эрхээр хичээлээ тараад айлд дуудлагаар очиж бохирын
бөглөө гаргадаг.
Ингээд энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл цаас
хүрэлцэхгүй биз ээ.
Цаг нь болохоор нутгаа
зорьдог шувууд адил эх орон – нуур тань Таныг үгүйлсээр удлаа. Бор толгодын
оройд наран тусах бүр тэнгэрийн хаяа ширтсэн Монгол орон тань таныг хүлээж байна.
Бидний хэлдгээр юм үзэж, нүд тайлсан амьдралын туршлагатай таны оролцооноос эх
орны минь ирээдүй хамаарна гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Хүний газар,
гүний нутагт амьдралын хууль адилхан үйлчилж сайнтай, саартай янз бүр л
амьдардаг. “Бууринаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог” гэдэгчлэн анх очихдоо
хөлөө ололгүй тэмцэж, сайхан амьдралын захаас амталсан Та болон таны гэр бүл нутагтаа
ирээд юу хийхээ сайн ойлгохгүй л байна уу?
Сайхан Монгол
оронд минь сүүлийн хэдэн жилд хөгжил дэвшил түүчээлсэн. Улсын минь нийслэл
Улаанбаатарт өндөр өндөр барилга сүндэрлэж, эх орны минь газар шороон дээр
бүтээн байгуулалт ид өрнөж байна. Монголын залуусын боловсрол дэлхийн түвшинд танигдаж,
спортын нөр их амжилтууд ар араасаа цуварсан. Монгол улсын баялаг нөөц дэлхийд
алдаршиж, олон улсын анхаарлын төвд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Хээрийн галуу
нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирдэг. Тиймээс та бүхнийг хүлээж
байгаа Азийн зүрхэнд орших Монгол эх орныхоо төлөө өөрийн гэсэн оролцоогоо
нэмэрлэхийг та бүхнээс хүсч байна.
Цээжиндээ бугшиж явдаг сэтгэлийн үгсээ сийрүүлэн
хүргэлээ.
Хэзээ нэгэн цагт эргэж ирэхийн цагт эх орон чинь
Таныг тосоод л авна.
Хээрийн салхинд дайсан үгсийг минь болгооно уу.
No comments:
Post a Comment