Хаврын нэгэн
өдөр. 19 цагийн орчимд.
Сэрүүхэн салхи
сэвэлзсэн өдөр байлаа. Хүйтэн бороо орох дөхөөд усан оргилуурын жижигхэн
дуслууд салхинд туугддаг шиг өчүүхэн төдий чийг нүүр норгож байсансан. Тэнгэр
уйлахаас урьдаж гэр лүүгээ яаран хурдан хурдан алхсан хүмүүсийн зарим нь хогон
дээр бүртэлзэх 2 охиныг анзаарахгүй алхана, зарим нь нэг нь хог түүж байгаа ногоон пальтотой, нөгөө
нь цагаан курткатай харваас хог түүж амьдардаггүй 2 охиныг гайхан харж,
алхаагаа удаашруулна. Цүнх, хувцсыг нь харвал оюутан охид л бололтой. Хоёр охин
4 том хогийн савны урд хойно нь эргэлдэж тор дүүрэн юм цуглуулна. Ойр хавийн
айлууд бүгд л хогоо авчирч хийдэг болохоор энэ 4 том хогийн сав 1 том машиныг
өлхөн дүүргэдэг тул хоол горьдсон ноход хааяахан эргэлдэнэ. Энэ удаад ноход
охидыг гайхан харж хол очиж зогсчээ.
Биеэр арай жижиг
охины тор дүүрчээ. “Ээ” гэхийн завдалгүй торны ёроол задарч, хөөрхий охинд
түүсэн зүйлээ дахин цуглуулах бөөн ажил болов. Нөгөө өндөр охины торны оосор
мөн л тасарсан тул хувцсаа ч хайрлалгүй тортойгоо энгэртээ тэвэрлээ. Энэ үед
үеийн бололтой нэг хөвгүүн дөхөн ирээд тэр 2-ыг шоолж байгаа бололтой баахан
инээж, гараа сэгсэрч байгаад цааш явав. Мөн хажуугийн сургуулийн цонхон дээр
шавсан оюутнуудын гайхсан, сонирхсон нүд тэр 2 дээр тусч байгааг хог түүж яваа
2 охин анхаарах завгүй байлаа. Басхүү хогийн савны гаднах хогийг ялгаж байгаа
бололтой заримыг нь хогийн сав руу, заримыг нь тор луугаа хийж явна.
Цүнхээрээ дүүрэн
зүйл чихээд нэг гараараа тороо тэвэрч, нөгөө гараараа бас нэгэн тортой зүйл
барьсан 2 охин нүүр дүүрэн инээмсэглэж, шивэрч эхэлсэн бороог тоолгүй, гагцхүү
тортойгоо норгохгүйг хичээн автобусны буудал руу алхлаа.
Та бидний харсан
зураглал энэ бөгөөд дууг хөрвүүлбээс:
Өндөр охин: - Ланьсы
чи ийм намхан, туранхай байж ямар хүчтэй юм бэ.
Намхан охин: - Манай
хятад ард түмэн ажилсаг, шөрмөслөг. Бид өглөө нар мандахаас өмнө босч сар
гартал ажилладаг. Би ийм жижигхэн ч гэсэн хүчтэй шүү. Гэхдээ Аманда, чи надаас
хүчтэй.
Өндөр охин: - За тэгэлгүй
яахав дээ. Би чинь чамаас өндөр, жингээрээ ч илүү.
- Бас
Чингисийн удам. Агуу Чингис хааны цус чиний судсаар гүйж байгаа.
- \инээв\
Чамтай байхад хөгжилтэй шүү. Надад дандаа эрч хүч өгч байдаг найздаа баярлалаа.
Намхан охин:- Аманда,
чи яагаад эхлээд хог түүхээс ичээд байсан юм бэ? Энэ чинь буруу зүйл биш шүү
дээ.
Өндөр охин:- Чингисийн
удам болохоор. \инээв\ Манай Монголчууд их бардам хүмүүс. Би өмнө нь гудамжинд
ингээд хог түүгээд явна гэж төсөөлөөгүй ээ. Эхлээд жаахан ичиж байсан ч одоо
зүгээр ээ. Бороо орохооргүй байсан бол хоёулаа тортойгоо гэртээ тавьчхаад буцаад
ирэх байсан тийм ээ.
Намхан охин:- Гэхдээ
эрдэм ном бол хог биш эрдэнэ шүү дээ.
Африк залуу: -
Хүүе
ээ, Аманда, Ланьсы. Та хоёр юу хийж байгаа юм бэ?
Намхан охин:- Өө
Реам, алив бидэнтэй нэгдээрэй. Энд бидэнд хэрэгтэй зүйл зөндөө байна. Чамд тор
байна уу?
Африк залуу:- Ланьсы
болиочээ. Та хоёр ичихгүй байна уу? Аманда, тэр цонхоор та хоёрыг харж байгаа
хүмүүсийг хар, манай сургуулийнхан та хоёрын хажуугаар яаж өнгөрч байгааг
анзаарч байна уу? Манай сургуулийн 2 гавал хог түүж байна гэж ярилцаж байна.
Өндөр охин:- Реам,
Ланьсы бид 2 ичихгүй ээ. Энд 2000 оноос хойших манай сургуулийн оюутнуудын хийсэн
бүх бие даалтууд байна. Багш нарын бэлтгэсэн лекц, оюутнуудын реферат, бидний
мэргэжлийн номнууд, рекламны хичээлд ашиглаж болох сэтгүүлүүд байна.
Африк залуу: - Манай
ангийн хөвгүүд зөөж хаясан болохоор би юу байгааг мэдэж байна.
Намхан охин:- Аманда
бид 2 хэрэгтэй бүх зүйлсээ аваад л явна даа. Туслахгүй бол яв даа. Баяртай.
Өндөр охин: - Ланьсы
чиний задарсан торны ёроолыг зангидчихлаа. Арай хөнгөн юмыг нь хийчих. Цаас
бороонд норохоороо муухай болчихно.
Намхан охин:- Баярлалаа,
Аманда. Бороо ширүүсэхээс өмнө явцгаая. Өнөөдөр олз арвинтай өдөр байна.
Өндөр охин:-
Эрдмийн
олз эрдэнийн олзноос үнэтэй. \инээв\
Бодит явдал:
ОХУ-ын Ростов-на-Дону хотын Их сургуулийн Сэтгүүлийн
тэнхим шинэ байранд нүүж очихоор их цэвэрлэгээ хийжээ. Хэдэн жил хураагдсан
цаасаа хийх зайгүй өрөөнд нүүж очиж байгаа тул оюутнуудын дипломын ажлаас бусад
бүх цаасаа ойролцоох хогийн саванд хаяжээ. Ангийн хөвгүүд нь тэвэр дүүрэн цаас
хаяж байхыг харсан уг сургуулийн оюутан Ланьсы учрыг нь мэдээд сайн найз Амандагаа
ятган хичээлийн дараа хамтдаа хогон дээр хаягдсан цаасан овооноос өөрсөддөө
хэрэгтэй зүйлсээ ялган авчээ. Тэдний олж авсан материал дунд “Оросын өмнөд
хэсгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цогц судалгаа”, “Ярилцлага хийх ухаан”
зэрэг курсын ажлууд, сургуулийнх нь багш нарын гаргасан худалдаанд гараагүй ном
сурах бичгүүд, бүх хичээлийн лекцийн товч тэмдэглэл, 4 жилдээ унших номын
жагсаалт зэрэг байсан юм.
Нэгэн бороотой өдөр хог түүсэн 2 охины түүх энэ
бөлгөө.
No comments:
Post a Comment