Эрх
чөлөө гэдэг бол хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон тэр нэгэн хийсвэр зүйлийг
илэрхийлсэн үнэ цэнтэй үг билээ. Дэлхий дээрх хамгийн том дайн тулаан, баяр
баясгалан бүгд л эрх чөлөөнөөс болсон байдаг. Эрх чөлөө нь дотроо эдийн
засгийн, биеийн, хэвлэлийн гээд олон янз байдаг. Энэ дотроос үгээ хэлэх,
эзэмшсэн мэргэжлээрээ хүссэнээрээ ажиллах, бодит мэдээллийг хүлээж авах эрх
чөлөөг нь боогдуулсан нэгэн эрхийн талаар бичиглэж байна.
Хэвлэлийн
эрх чөлөө бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх,
хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөний
баталгаа нь мэдээлэл олж авах эрх, ямар ч хяналтгүй (цензургүй) байх явдал юм. Гэхдээ
үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхээс
сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай
байдаг. Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн
ядсан, дайсагнасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийх, нийтлэл бичихийг
хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг
сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний
хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг
хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын
нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал юм. Энэ
талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол
Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг
олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг. Мэдээллийн эрх чөлөөг
баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992
онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн
баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа 1998 онд батлагдсан “Хэвлэл
мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт
байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур
тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм.
Хэвлэлийн
хvрээлэнгээс авсан мэдээллээр манайд 126 сонин, 149 телевиз, 92 сэтгүүл, 72
радио үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооноос харах юм бол Монголд хэвлэлийн эрх
чөлөө байгаад байдаг.
Хэдийгээр
бид эрх чөлөөг бүрэн тунхагласан ардчилсан улсад амьдарч байгаа ч, бидэнд
олгогдсон эрхийнхээ дагуу хуулиа биелүүлж байгаа ч үгээ хэлэх эрх чөлөө
боогдмол байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь сэтгүүлчид заналхийлэлд хамгийн
их өртдөг хүмүүс юм. Энэ жилд л гэхэд сонгуулийн үеэр зодуулсан сэтгүүлч,
орцондоо толгой руугаа цохиулсан нийтлэлч гээд олон тохиолдол гарсан юм. Манай
улсад ад үзээд байдаг сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалдаг байгууллага Глоб
Интернейшнлээс өөр байхгүй гэлтэй. Сэтгүүлч бид эрхээ яриад эхлэхээр урдаас зах
хязгааргүй хориг яриад эхэлдэг. Даргаасаа банга хүртэхгүйн тулд тулга тойрсон
хэдхэн асуудлаа л хөнддөг “сэтгүүлч биш” сэтгүүлчид улам олширч байна. Бас
мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадахгүйгээс болж бодит мэдээллээ хожимдуулан
авч байна. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийн орон зай хамгийн их мөнгөтэй
20-иод хүн буюу улс төрийн гурван бүлэглэл, бизнесийн нэгдлүүдийн гарт орсон
болох нь илэрхий байна.
Үүний сацуу
хязгаарын зурвасаа даван гарч буй захиалгын гэх том амтай нөхөд ч олшров. Тэд
хэдэн мөр үгээ сарын цалингаараа үнэлэх болжээ. Сэтгүүлзүйн сургууль төгссөн
хүн бүр “Нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан,
дайсагнасан ухуулга, мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг
сурталчилсан үйл ажиллагаа, хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын
тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглоно” хэмээн Ёс
зүйн хичээл дээр үг үсэг үлдээлгүй цээжилдэг. Гэвч нүд улаан, мөнгө цагаан
гэгчээр хэдэн зоос хараад л шүлэг шиг цээжилсэн мэргэжлийн ёс зүйгээ уландаа
гишгэх нь энгийн үзэгдэл болов.
Онлайн
сэтгүүлч гэх шинэ нэр томъёон доор сараачих хүсэлтэй хүн бүр үзэглэдэг шинэ
орон зай гарч ирсэн нь эрх, ёс зүйгээ мэддэггүй хүмүүсийн дураараа дургих талбар
болсон юм. Тэд номын дуу сонсоогүй байж хүссэнээ нийтэлдэг билээ. Ялангуяа
сонгуулийн үеэр бидний ёс зүй долоон уулын цаагуур далд орж хүний хувийн
амьдралыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дэлгэн нийтэлдэг. Үүний нэгэн жишээ нь
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн "Элбэгдорж хятадын үр удам" гэх мэдээ юм.
Харин бүх юм санамсаргүй эргэж ээждээ уйлан очсон Элбэгдоржийг өрөвч ард түмэн
минь сонгосон билээ.
Үзэгчид
суваг болгон дээр гарч байгаа солонгос киног түүж үзчихээд зурагтаа унтраагаад
байвал, сонин хэвлэлийн эротик өгүүлэл түүж уншчихаад шатаагаад байвал эмгэнэл
биз дээ. Улс төрөөс ангид байсан цагт л хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй,
хүссэнээрээ амьсгалж чадна. Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөөг илэрхийлэх хараат
бус, ил тод, шуурхай, тэнцвэртэй гэсэн сайхан монгол үгс байна. Сэтгүүлзүй бийр
янтайгаас бичгийн машин хүртлээ нийгмийн хүлээсэнд байсан байж болно. Харин
өнөөдөр мэдээлэлжсэн, цахимжсан XXI зуун учраас сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, сэтгүүлчид эрх чөлөөгөөр цээж дүүрэн амьсгалах хэрэгтэй. Гэхдээ
хуулийн хүрээндээ шүү.
No comments:
Post a Comment