Таны хүүхдийг хэн
нэгэн зүгээр л аваад явчихвал танд ямар мэдрэмж төрөх вэ? 10 сар тээж, хөл
хүндийн зовлон, 2 яс салахын өвдөлт бас үртэй болсон аз жаргалыг дөнгөж мэдэрч
байтал хэн нэгэн түүнийг чинь зүгээр л аваад явчихна. Өсч том болох, анхны шүд
нь ургах, анх хэлэх үг зэргийг чи мэдрэхгүй, өөр хүн энэ бүгдийг мэдэрч бас хүүхэд
тань том болоод тэр л хүний хөлийг хучиж, хоолыг зөөнө. Тийм ээ, би энэ мэдрэмжийг
хүүхэдгүй атлаа саяхан мэдэрсэн юм. Тэр бол миний 10 хоног ажиллаж хөдөлмөрлөж,
үнэт цаг, оюун ухаан, сэтгэл зүрх, хүч, нойр хоол, мөнгөө үрэн байж хийсэн
бүтээлийг минь хэн нэгэн надаас зүгээр л авчихсан...
Зохиогчийн эрх
зөрчигдлөө, миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэсэн мэдээ мэдээлэл, гомдол
зөндөө л уншиж байсан. Тэр бүрийг хараад бие биенээсээ зөвшөөрөл авчих нь яана
аа гэж хөнгөн бодоод өнгөрдөг байснаас сүр болгож тоодоггүй байлаа. Харин саяхан
болсон энэ үйл явдлаас болж би хэд хоног дотроо хямарч явлаа. Гадуур хүн бүрийн
ярианы сэдэв болоод байгаа энэ үйл явдлын үг үсэг бүрийг ямар их оюун ухаан
зарж байж бичсэнийг, судалгаа хийх гэж утасны мөнгө минь урсан олон хүний алт
шиг цагийг үрж үндэстэй дүгнэлт хийх гэж хэд хоног толгойгоо гашилгасныг ч тэд
мэдэхгүй. Яг л хүүхдээ энхрийлэх мэт эцсийн цэгийг нь тавьтлаа би бусад бүх
ажлаа умартан хаясансан. Бүтээл минь дууссан ч “Цагаасаа өмнө төрлөө. Түр хүлээ”
гэсэн хариуг авсан юм. Ингээд хэдэн сарын дараа өөр хүмүүс өөрсдийнхөө нэр дээр
сүр дуулиантай “миний хүүхэд” мэндэлснийг зарлаж, Монголын ирээдүй гэж
тодотголоо.
Би тэдэнтэй
маргалдаж чадахгүй ээ. Өөрийнхөө нэр дээр регистрийг нь бүртгүүлж чадаагүй хүн дуугүй
байх ёстой биз. Одоо хүний гар дээр өсч байгаа үрээ холоос хараад амжилт хүсэх
нь зүйн хэрэг. Харин том туршлага боллоо. Дараагийн удаад “МИНИЙХ” гэсэн том
тамга дарна даа гээд сэтгэлээ тайвшруулаад л үлдье.
Дүгнэлт: Ямар
нэгэн бүтээл хийдэггүй хүмүүс Зохиогчийн эрх гэдгийг холбоо үг гэж
хүлээж авдаг. Сэтгэл зүрх, цагаа үрж оюунаа дайчилсан жинхэнэ бүтээл гаргасан
хүн түүнийгээ хайрладаг, харамладаг. Өөр хэн нэгэн түүнийг нь авахыг тэвчиж
чаддаггүй, эх хүн лугаа...