Тийм ээ, би
гажиг. Үүнийг эргэн тойрны минь олон хүн баталсан болохоор би одоо хэнээс ч
нуухгүй хэлж чадна. Би гажиг өө.
Нэг өдрийн
амьдралыг минь сонсоод та надад лавтай итгэж, “Ямар гажиг вэ” гээд чичилнэ биз.
Би өглөө эрт
гэрээсээ гарч ажил руугаа явах замдаа зам товчилж өвс, шороон дээгүүр явдаггүй,
хайс ч давдаггүй. Харин явган хүнд зориулсан засмал замаар явах гэж 10, 20
алхам хазайдаг. Гутлынхаа улыг жаахан ч гэсэн элээчих юмсан, хэд алхаад
өөрийгөө ядраачих юмсан гэхдээ л замаа товчилдоггүй юм. Тэгээд автобусанд ороод
хоосон суудал байвал сууна аа. Харин хэн нэгэн надаас ахмад настан, эсвэл бага
ангийн хүүхэд ороод ирвэл суудлаа тавиад л өгчихдөг. Босоогоороо хэдэн буудал
явчихад хөл чилээд, автобус огцом тормозлох үед гар өвдөж л байдаг юм. Унаанаас
бууж зам гарах гэж нэг шүлэг бичихээс ч илүү цаг зарна. Явган хүний гарцны
улаан гэрэл ассан байх үед зам дээр ямар ч машин байхгүй байсан ч би гадас
шаасан мэт дороо зогсдог. Харин ногоон гэрэл асангуут шууд алхана. Хэн нэгэн
жолооч явах гэхэд нь алхаагаа сааруулж хуруугаараа ногоон гэрэл рүү заана. “Жолооч
баруун гар тийшээ эргэх үедээ явган хүнд зам тавих ёстой” гэдэг өгүүлбэр бол
саяхан төгссөн жолооны курсээс үлдсэн цорын ганц дүрэм. Би жолооч болох гэж
курст ороогүй, жолооч нартай хэрэлдэх гэж л дүрэм судалсан юм. За тэгээд улаан
гэрлээр гарч байгаа том хүмүүст юу ч хэлж чадахгүй хэрнээ хүүхэд, хүүхдээ
хөтлөн гарч байгаа хүмүүст ам хэлээ билүүдэн дүрэм тайлбарлана.
Нэг удаа ийм
явдал боллоо. Улаан цайм улаан гэрлээр бага насны хүүхдээ дагуулсан эцэг эх
гарав. Дараагийн гэрлэн дохион дээр би тэднийг гүйцэн ирж хүүхдэд хандан “Явган
хүмүүс явган хүний ногоон гэрлээр л зам гарах ёстой” гэтэл бяцхан охин “Машин
байхгүй байхад гарч болно” гэж хэвлүүхэн хэлээд тас ширвэв. Эх нь ч хялайж
байна. Эдгээр жирийн хүмүүст би харь гарагаас ирсэн гажиг бололтой. Гэнэт гэдэн
хөдлөөд “Эгч нь цэцэрлэгийн багш юм аа. Хүүхдүүддээ дандаа ногоон гэрлээр
гараарай гэж захидаг” гэж залж орхивол эхийн харц зөөлөрч “Дахиад тэгэхгүй ээ”
гээд шивнэн гарцан дээр надтай зэрэгцэн зогслоо. Хааяа худлаа хэлэх тустай юм
билээ.
Ийнхүү сажилсаар
би ажлын газраа өнгөрөн нэлээд алхана. Самуурсандаа биш л дээ. Цагаан зураас л
хайж яваа нь тэр. Замд таарсан нөхөд минь аль хэдийнээ нөгөө талд гарчихсан “Өө
гажиг аа. Хүмүүс зөрчих л гэж дүрэм зохиодог юм.”, “Ажлаасаа хоцорлоо, гүйгээч
ээ”, “Чам шиг гарцаар гардаг хүн байна уу” гээд л хашхирч гарна даа. Би яахав
хурдан хурдан алхсаар цагаан шугамандаа хүрч санаа амран зам гарна.
Ажил үргэлжилсээр
цайны цаг ирнэ. Тэгээд дэлгүүр, цайны газар орох үед хэн нэгэн идэх юмныхаа
цаас, тамхины гялгар гадар, лаазны сав гэх мэт хогоо хаявал би араас нь тахиа
мэт тоншлон түүнэ. “Хогонд гэр бий” гэж хэлээд хогийн сав руу алхах намайг
хараад “Гажиг” гэж хэлдэг биз.
Энэ тухай бичих
болсон шалтгаан өнөөдөр надтай тохиолдож, өдөржин бодлоос салахгүй намайг
тарчлааж байгаа тул шөнийн нойроо хумслан би гажиг гэдгээ илчилж байна.
Өдөр гадуур явж
байтал эцэг, хүү, охин 3 зайрмаг барьсаар дэлгүүрээс гарахтай тааралдав. 3-4
насны охин зайрмагны цаасаа шууд л газар хаях нь тэр. Аав нь, 8 настай ах нь
таг дуугүй, дүлий дүмбэ. Би тэссэнгүй цаасыг авч, тэр чигээрээ дэлгүүрт орон,
үүдэнд нь байх хогийн саванд хийлээ. Аав нь над руу муухай харсан байх гэж
айсандаа эргэж хараагүй юм. Харин “Миний охин цаасаа хогийн саванд хаяж
байгаарай” гэх дууг сонсоод уртаас урт амьсгаа авсансан.
Тийм ээ, би зам
товчлох гэж замгүй газраар явдаггүй, ногоон гэрлээ хүлээж, цагаан шугамаараа
гардаг, хог хаядаггүй, найз нөхдийнхөө хаясан хогийг түүдэг, шүлсээ хаядаггүй,
ил задгай бие засдаггүй, ямар ч дүрэм хууль зөрчдөггүй ГАЖ АМЬТАН.
Энэ бүхнийг юуны
төлөө хийдэг вэ, яагаад ийм гаж юм бэ гэж үү.
Хариулт нь: Би
гажиг болмооргүй байгаа болохоор.
·
ЗЦГ-ын
статистик мэдээллээс үзэхэд 2012 оны эхний хагас жилд осол, хэргийн 30294
дуудлага хүлээн авчээ. Үүнээс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон
осол нь 8383 байна. Ослын улмаас 185 хүн амь насаа алдаж, 512 хүн гэмтжээ.
Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад нас барсан хүний тоо 21.7, гэмтсэн нь 16.4
хувиар өссөн. Зам тээврийн ослын улмаас 21 хүүхэд нас барж, 248 хүүхэд хүнд
болон хүндэвтэр гэмтэл авчээ.
·
Эх
сурвалжаас үзэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 1 жилд 340 мянган тонн хог хаягдал
гардаг. Үүний ойролцоогоор 20-иод хувийг цаасан хог хаягдал эзэлдэг байна. Цаас
бол микро организмын нөлөөгөөр задардаг материал учраас хаягдал болсон
тохиолдолд ялзарч өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд метан хэмээх нүүрсхүчлийн
хийгээс 23 дахин хүчтэй хорт хийг ялгаруулж, дэлхийн дулааралд тэр хэмжээгээр
сөргөөр нөлөөлдөг гэнэ. Судлаачдын тооцоолсноор 1 тонн цаасыг дахин
боловсруулснаар 17 модыг тайрагдахаас сэргийлж, дундаж хэмжээний хувийн орон
сууцыг 2 жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний энерги, суултуурын усыг
2000 удаа татсантай тэнцэх хэмжээний усыг хэмнэхийн зэрэгцээ агаарын бохирдлоос
сэргийлж чадна. Нийслэлийн хэмжээнд 250 жолооч,
250 ачигч, 300 гаруй цэвэрлэгч ажиллаж байна гэж тооцвол хог тээвэрлэх
ажилд 800 гаруй ажилтан ажиллаж байна.
·
Хог хаягдал ямар хугацаанд задарч устдаг вэ?
Хөөсөнцөр 1 сая жил
Хуванцар сав 1 сая жил
Ундааны лааз 200-500 жил
Хүүхдийн памперс 90 жил
Консервны лааз 90 жил
Ширэн гутал 45 жил
Ноосон оймс 1жил
Цаасан уут 1сар
Гадил жимсний хальс 3-4
долоо хоног
Тамхины үлдэгдэл 3 сар
Бохь 5 жил
·
http://chimegscoffeebreak.blogspot.com/2009/05/blog-post.html
Энэ блогоор зочлоод үзээрэй. Шүлсний талаар сонирхолтой зүйл байна.
·
http://1010.mn/hog-bolgon-ezentei/
Хог болгон эзэнтэй гэнэ.