Wednesday, August 1, 2012

НҮБ - "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН"



2001 оны хавар. 
Нэг өдөр хичээлээсээ иртэл ээж: -Байгалийн доройтлын талаар чамд бичсэн юм байна уу? гэлээ. Би: - Байхгүй, харин хэдэн гэрэл зураг байгаа гэтэл - Түүнийгээ өгчих, ээж нь хот руу явуулах гэсэн юм гэв. Учрыг нь олоогүй би шатсан модон дээр суусан шувуу, гандсан тал, ширгэсэн горхины зургуудаа өгөв. Гэтэл хэд хоногийн дараа НҮБ-ын "Хүрээлэн буй орчин" сэдэвт бага хурлын төлөөлөгчөөр Улаанбаатар явах болсноо мэдээд хөл газар хүрэхгүй баярласан юм.
200 гаруй сурагч цугларсан бага хурал ёс төгөлдөр эхэллээ. Бид бүгдээрээ "Найрамдал" зусланд байрласан бөгөөд нэгдсэн журмаар автобусанд сууж өдөр бүр Хүүхдийн ордонд чуулдаг байлаа. Ихэнх нь 9-10-р ангийн \бидний үед хамгийн ахлах анги\ хүүхдүүд байсан тул их л нухацтай зүйлийн талаар хэлэлцдэг байсан юм. Чуулганы төлөөлөгчдөөс хамгийн бяцхан нь 3-р ангийн нэг охин байсан бол би 6-р ангийн сурагч, багаасаа 2-т орж байв. Тиймээс бид 2-ыг их өхөөрдөнө. Ах, эгч нарын зараалд их гүйдэг байлаа.
Чуулган дээрээ бид баг болж хуваагдаад байгальд тохиолдоод байгаа олон олон асуудлыг хэлэлцэж, түүнээс гарах шийдвэрийг хайж байсан юм. 

Манай багийн нэр "Доройтол". Байгалийн доройтлын талаар хэлэлцдэг байв. Одоо санаж байгаагаар "Нөхөн сэргээлт", "Ой мод" гэх зэрэг багууд байсан. 
Бид юунаас болж байгаль, экологийн байдал доройтоод байгааг хүн бүр хэлээд, түүнийгээ боловсруулж Засгийн газарт хүргүүлж байсан санагдана. Жишээ нь: үлийн цагаан оготно, ой иддэг шавьж, хүний буруу үйлдлээс гарсан түймэр, голын эхийг бохирлосноос болоод үүссэн татралт, царцааны нүүдэл, эрвээхийний нүүдэл... 
2001 онд энэ талаар хэлэлцэх асуудал цөөн агаад энгийн байлаа. Хурц хурц үгс урсан, байгаль дэлхий ирээдүйд доройтохыг хүн бүр зөгнөж байсан ч яг одоогийнх шиг гандсан тал, шатсан, хорхойд идэгдсэн ой, ширгэсэн нуур, гол, горхи,бохирдсон агаар, дахин сэргэхээ больтлоо хогонд дарагдаж, идэгдсэн хөрсийг нүдэндээ харж, төсөөлж чадаагүй юм.
Сурагчид бид тэр үеийнхээ л чадах чинээгээр байгалиа хамгаалах, нөхөн сэргээхийг хичээж Экологийн Дээд Сургуулийн хашаанд "Хүслийн ой" байгуулж, тарьсан мод бүртээ "Байгаль эхийн төлөө" хүслээ шивнэсэн дарцаг өлгөж байлаа. \Одоо энэ сургууль хаана байдаг бол? Ойгоо очиж харах юмсан\
Энэ чуулганаас миний олж авсан хамгийн том зүйл бол ИЛ ЗАДГАЙ ХОГ ХАЯХАА БОЛЬСОН явдал юм. Мөн найз нөхдөө ч хог хаяулахгүй хориглож, зөв хэвшилд дадуулах гэж хичээдэг болсон.
"Хүрээлэн буй орчин"-ыхоо төлөө сэтгэл нэгдэж байсан энэ сурагчид одоо том залуус болцгоосон. 
Хэрвээ та энэ зурган дээр байгаа бол бүгдээрээ дахин нэгдэж, дахин нэг "Хүслийн ой" байгуулж, хүүхэд насны эх орноо онгон дагшнаар хадгалах гэсэн гэгээн мөрөөдлийнхөө төлөө тэмцье.
Хэн хэн, хаана явна? 

"Хүрээлэн буй орчин" чуулганы төлөөлөгч Г.Мандах
\FB-д зургийг томоор нь тавив.\