
ОРШИЛ
Би 10 жилийн сурагч байхдаа их идэвхтэй хүүхэд байж билээ. Чадах чадахгүй бүх л зүйл рүү тэмүүлж чадахыгаа хийж, чадахгүйгээ оролдсоор сурагч насаа үдсэн. Тиймээс ч бага насандаа өөрийнхөө юунд авьяастай, авьяасгүйг мэдэж ямар зүйл миний анхаарлыг илүү их татаж байгааг илрүүлсэн юм.
Хамгийн дуртай ажил, хайртай хүүхэлдэйн киногоо орхиод, хоол ундаа умартан хийдэг байсан зүйл маань ХАНЫН СОНИН. Гэрийн даалгавраа хийж дуусчихаад, дутуу уншсан ном байхгүй бол шууд л ангидаа болон сургуульдаа зориулж ханын сонин хийдэг байв. Тэр үедээ байсан хүүхдийн бүх хэвлэлүүдийг захиалж уншин ангийнхандаа аль мэдээллийг хүргэх вэ гэж хайдаг, өөртөө таалагдсан онч мэргэн үгсийг тэмдэглэлийн дэвтэр дээр нямбайлан бичдэг байлаа. Сэтгүүлч болох гараа маань ханын сонингоос эхэлж, ирээдүйд би ямар хүн болж төлөвших нь нэгэн сонин дээрээс уншиж, хүн бүрт хүргэмээр байсан дараах үгнээс ихээхэн хамаарч билээ.
“Хүн цаг бүр зорилготой, өдөр бүр зорилготой, долоо хоног бүр зорилготой, сар бүр зорилготой, жил бүр зорилготой, насан туршийн зорилготой байх хэрэгтэй.”
Ийнхүү би ямар зорилготой вэ? хэмээн өөрөөсөө асууж хариултаа олсноор миний хэтийн зорилго тавигдаж, зорилгодоо заавал хүрнэ гэсэн бас нэгэн зорилго тусгагдсан. Хэт их мөрөөдөмтгий хүүхэд байсан болохоор өөрийгөө ирээдүйд ямар хүн болсон байхыг янз бүрээр төсөөлдөг байсан ч эцсийн эцэст БИ МОНГОЛ УЛСДАА ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛНО гэдэг ганц л хариулт байдаг байсан нь миний хэтийн зорилго байлаа.
Дээрх онч мэргэн үгийг уншсанаас хойш тэмдэглэлийн дэвтэр, бал 2-с салаагүй. Би өнөөдөр юу хийх вэ, маргааш, энэ 7 хоногтоо ямар ажил амжуулж, энэ сардаа ямар амжилт гаргах вэ хэмээн бичиж, бичсэн зүйлээ биелүүлэн улаан балаар дарсаар хэдэн дэвтэр, бал “цааш нь харуулсан”.
Өдий хүртэл миний хэтийн зорилго өөрчлөгдөөгүй. Эх орныхоо төлөө, ирээдүйн хөгжлийнх нь төлөө би сурч, боловсорч байна. Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Энэ жилээс биеэ засаж, боловсруулахын хажуугаар гэрээ засаж эхлэх цаг нь боллоо гэж үзээд хөх тэнгэрийн нутаг руугаа хүлгийн жолоо залахаар бэлдээд байна.
Тэмдэглэлийн дэвтрийн хуудсаа эргүүлэх мөч иржээ, гэхдээ би “өөрийгээ хөгжүүлэх” гэсэн бичгээ улаан балаар дарахгүй, магадгүй хэзээ ч дарахгүй байх. Би багаасаа л юм юм руу тэмүүлсэн сонин хүүхэд байсан...